Мэндчилгээ

Хүн ардынхаа эрүүл энхийн үйлст дөч гаруй жил хөдөлмөрлөхдөө эмчийн мэргэжлийг жинхэнэ эзэмшсэн сайн эмч гэдэг хичнээн ачтай бас хариуцлагагүй, мэдлэг багатай эмч хичнээн их аюул дагуулдаг болохыг мэдэрч явлаа. Ард түмний эрүүл мэндийг хамгаалах үйл хэргийг нэр төртэй залгамжлах мэргэжилтэн бэлтгэх ариун зорилгодоо хөтлөгдөн ирээдүйн эмнэлгийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх  анагаах ухааны дээд боловсрол олгох сургууль үүсгэн байгуулснаас хойш даруй 17 дахь хичээлийн жилтэйгээ золгож байна.

Манай сургууль нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын эрэлт, хэрэгцээнд бүрэн нийцсэн, олон улсын анагаах ухааны болон, дээд боловсролын хөгжлийн хэтийн төлөвийг шингээсэн сургалтын өвөрмөц технологийг боловсруулан нэвтрүүлсний зэрэгцээ чадварлаг боловсон хүчний нөөц, хангалттай материаллаг баазыг бүрдүүлээд байна.

Тус сургуулийн төгсөгч нарын 80 гаруй хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ хот, хөдөө, орон нутагт ажиллаж гадаад, дотоодод мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж байгаа нь бидний амжилтын нэг илэрхийлэл болж буйг тэмдэглэхэд таатай байна. Эмнэлгийн мэргэжил эзэмшиж, эрүүл энхийн манаанд буцалтгүй зогсох чин эрмэлзлэлтэй, зохих суурь боловсрол эзэмшсэн хэн бүхнийг зорилгодоо хүрэхэд нь манай сургуулийн хамт олон халуун сэтгэлээр угтан сайн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллахад бэлэн байна.


Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй хэн бүхний өмнө манай сургуулийн хаалга үргэлж нээлттэй байх болно.

Сайн үйлс дэлгэртүгэй.

Академич Начингийн БААСАНЖАВ