Профессорын баг

Анхлан 2013-2014 оны хичээлийн жилд Сургуулийн захирлын тушаалаар Профессорын баг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Үүнд: Б.Оргил (Багийн ахлагч), Ш.Болд, Л.Галцог, Ц.Дагвадорж, Б.Дагданбазар, Ж.Лхагвасүрэн, Ц.Норовпил, Э.Санжаа, Б.Эрдэнэчулуун. Бид хийх ажлаа хичээлийн жилээр төлөвлөж, түүнийхээ дагуу ажиллаж ирсэн билээ.

Профессорын багийнхан юуны түрүүнд тус сургуулийн тэнхимүүдийн ажил байдалтай танилцах үүднээс тэнхимүүдийн хамт олонтой уулзаж, тухайн үеийн байдалтай газар дээр нь танилцаж, санал солилцож, ярилцлага өрнүүллээ. Үүнд: Ерөнхий эрдмийн тэнхим, Микробиологи-халдвар судлалын тэнхим, Эмгэг судлалын тэнхим, Морфологийн тэнхим, Физиологи-молекул биологийн тэнхим, Сувилахуйн тэнхим, Өрхийн анагаах ухаан ба Эрүүл мэндийн менежментийн тэнхим, НАС-ын тэнхим, УАУ-ны тэнхим, Дотор-мэдрэлийн өвчин судлалын тэнхим, Хүүхдийн өвчин судлалын тэнхим, Нүдний   өвчин судлалын тэнхим, Чих хамар хоолойн өвчин судлалын тэнхим, Нөхөн үржихүй-эмэгтэйчүүдийн өвчин судлалын тэнхим, Мэс заслын өвчин судлалын тэнхим. Тэнхимүүдийн ажил байдалтай танилцах арга хэмжээнд Б.Оргил, Ш.Болд, Л.Галцог, Ц.Дагвадорж, Б.Дагданбазар, Ж.Лхагвасүрэн, Ц.Норовпил, Э.Санжаа нар оролцсон болно.

Мөн Сургалтын, Оюутны, Хүний нөөц-мониторингийн болон Аж ахуй-санхүүгийн албадын ажил байдалтай тус тус товчхон танилцаж, санал солилцлоо. Энэ арга хэмжээнд профессор Б.Оргил, Ц.Дагвадорж, Б.Дагданбазар, Ж.Лхагвасүрэн, Ц.Норовпил, Э.Санжаа, Б.Эрдэнэчулуун  нар оролцсон.

Биднийг очиход тэнхим, алба бүхэн нийт багш, ажилтан, менежерүүдээ байлцуулж, Тэнхимийн эрхлэгч, Албаны дарга ерөнхий үйл ажиллагаа болон одоогийнхоо нөхцөл байдлын талаар танилцуулж, ойрын үед шийдвэрлүүлэх шаардлагатай санал хүсэлтүүдээ тавьж байсан ба бусад багш, менежер, ажилтан нар мөн тодорхой санал хүсэлт тавьж байв. Бид нэлээд нээлттэй байдлаар ярилцлага өрнүүлж, тухайн тэнхим, албаны хамт олонд зөвлөгөө өхийн зэрэгцээ, тэднээс тавьсан санал хүсэлтийг бүлэглэн нэгтгэж, Сургуулийн Захирлын зөвлөлийн хуралд танилцуулж, холбогдох шийдвэрүүд гаргуулсан.

Профессорын багаас Захирлын зөвлөлийн хуралд оруулсан санал хүсэлтүүдийг жагсаавал:

  1. Багш, ажилтан, ажилчдын одоогийн цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлж, ойрын үед ЭМШУИС-ийн багш, ажилтан, ажилчдын цалингийн түвшинд хүргэх. Түүнчлэн Морфологи, Микробиологи-халдвар судлалын тэнхим зэрэг хортой, халдвартай нөхцөлд ажиллагсдад тодорхой хувиар нэмэгдэл хөлс олгох юмуу эсвэл тодорхой цагийн хөнгөлөлт үзүүлдэг болох асуудлыг шинээр авч үзэн, шийдвэрлэх. Албадын менежерүүдийн цалинг нэмэгдүүлж, үндсэн багшийн цалингийн түвшинд хүргэх.
  2. Ер нь багш, ажилтан, ажилчин нэгбүрийн ажлын үр дүнг хичээлийн жилийн эцэст үнэлэх тодорхой журам шинээр гаргаж, мөрдүүлэх шаардлагатай. Үүнтэй холбогдуулан, нийт багш, ажилтан, ажилчин нэгбүрийн ажлын байрны тодорхойлолтыг эргэн харж, боловсронгуй болгох нь зүйтэй. Ялангуяа Сургалтын албаны менежерүүдийн ажил үүргийн хуваарь давхардах, эсвэл тодорхой ажил үүрэг эзэнгүйдэх асуудал гарсаар байгааг засууштай. Мөн зочин багш нэгбүртэй тодорхой гэрээ хийж ажиллуулахын хамт, тэдний цагийн хөлсний тарифыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх. 
  3. 2012-2013 оны хичээлийн жилийн төгсгөлд нийт үндсэн багш нарын илүү цагийн хөлсийг нэлээд хэмжээгээр хасч, дутуу олгосон тухай асуудлыг ойрын үед дахин нягталж, гомдлыг нь барагдуулах. Энэ асуудлын талаар  тэнхим бүрийн багш нар ярьж, гомдол илэрхийлж байв. Мөн албадын менежерүүдийн ээлжийн амралтын хоногийн тоо ба амрах хугацаанд олгох мөнгөний асуудлыг зохистой хувилбараар шийдвэрлэх. Сургалтын албаны зарим менежерийн нэмэлт ажлын хөлсийг тусгайлан тооцоолж, нөхөн олгох шаардлагатай.
  4. Цаашид идэвх зүтгэлтэй сайн ажиллах итгэл найдвар бүхий залуу багш нарыг резидентур, магистрантур, докторантурт сургаж, бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, албан ёсны гэрээний үндсэн дээр сургалтын төлбөрийг нь тодорхой хэмжээгээр (50% хүртэл) хөнгөлж, судалгааны ажлын зардалд нь дэмжлэг үзүүлдэг байх.
  5. Албадын биеэ даасан үйл ажиллагааг дэмжих үүднээс, хичээлийн жилийн үйл ажиллагааных нь нийт зардлыг бодитой тооцсоны үндсэн дээр алба нэгбүрт тодорхой хэмжээний төсөв хуваарилж, гүйцэтгэлийнх нь тайлан тооцоог нарийн гаргуулдаг шинэ журам тогтоон мөрдүүлэх. Учир нь, албадын менежерүүдийн тухайд албан ажлын шаардлагаар өдөр тутам гар утасны болон унааны зардал нэлээд гарсаар байдаг ажээ. Түүнчлэн тэргүүний багш, менежерүүдийг гадаадад явуулж, мэргэжлийг нь дээшлүүлэх болон туршлага судлуулах арга хэмжээг тогтмолжуулан, өргөжүүлэх.
  6. Харьцангуй олон жил улсад болон “АЧ” АУДС-д тасралтгүй, идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллаж байгаа багш, ажилтан, ажилчдыг тус сургуулийн болон БШУЯ, ЭМЯ-ны шагналаар, мөн төр засгийн дээд байгууллагуудын шагналаар шагнуулах асуудлыг системтэй авч үзэж, бодитойгоор хэрэгжүүлдэг байх. Түүний зэрэгцээ хөдөлмөрийн сахилга зөрчсөн, хариуцлага алдсан, элдэв хэрэгт холбогдсон хүнд цаг тухайд нь зохих арга хэмжээ авдаг юмуу авахуулдаг байх.
  7. Тус сургуульд байвал зохих үндсэн багшийн орон тоог тодорхой үндэслэлтэйгээр нэлээд нарийн тогтоож, шинээр багш авах асуудлыг холбогдох тэнхим ба албадын саналд тулгуурлан, гагцхүү сонгон шалгаруулалтын журмын дагуу шийдвэрлэдэг байх. Мөн шинээр ажилд орсон болон урьд өмнө сургалтанд хамрагдаагүй залуу багш нарыг Сурганы чиглэлийн сургалт, курст суралцуулж, сертификат олгуулах арга хэмжээг жил бүр зохион байгуулж байх.
  8. Одоогийн байдлаар дараахь мэргэжлийн чиглэлээр шинээр багш, туслах ажилтан нэмж авч ажиллуулах. Үүнд: Ерөнхий эрдмийн тэнхимийн англи хэлний багшийн тоог нэмэгдүүлэх, Микробиологи-халдвар судлалын тэнхимд 1 лаборант ажиллуулах, Эмгэг судлалын тэнхимд эмгэг анатомийн мэргэжлийн 1 багш нэмж авах, Өрхийн анагаах ухаан ба Эрүүл мэндийн менежментийн тэнхимд Эм судлалын юмуу НЭМ-ийн мэргэжлийн 1 багш нэмж ажиллуулах, Хүүхдийн тэнхимд 2-оос цөөнгүй үндсэн багш, Мэс заслын өвчин судлалын тэнхимд  мөн 2-оос доошгүй үндсэн багш тус тус нэмж ажиллуулах, НАС-ын тэнхимд эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ хариуцсан 1 техникч юмуу инженер шинээр авч ажиллуулах г.м.
  9. Багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, ялангуяа ам бүл олонтой, орон сууцны нөхцлийн хувьд хүндхэн байгаа, мөн маш холоос ажилдаа ирж очдог зарим багш нарт бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлыг Сургуулийн захиргааны зүгээс онцлон авч үзэх. 
  10. Сүүлийн жилүүдэд манай сургуулийн оюутнуудын мэдлэгийн түвшин, идэвх чармайлт, хандлага ерөнхийдөө доошилсоор байгаад нухацтай дүгнэлт хийж, шинээр элсүүлэх оюутны тоог цөөлж, элсэлтийн шалгуур үзүүлэлтүүдийг нэлээд чангатгах. Нөгөөтэйгүүр, сурлагаар тааруухан оюутнуудыг 1, 2-р дамжаанд нь нэлээд сайн шигших бодлого баримтлах.
  11. Оюутнууд хичээл таслах, ялангуяа лекцийн хичээлд суухгүй байх үзэгдэл нийт дамжааны оюутнуудын дунд ихээхэн газар аваад байгаад дүгнэлт хийж, оюутнуудаас хичээлд хандах байдал, тэдний оролцоог сайжруулахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээ авах.
  12. Аливаа хичээлийн программын шаардлагыг биелүүлээгүй юмуу нэг хичээлийн шалгалтанд 3 удаа хангалтгүй үнэлгээ авсан оюутныг анги улируулах, хэрэв улирахыг эс хүсвэл сургуулиас хасдаг журмыг ягштал баримтлах. Зарим оюутны элдэв арга саам, гуйлтаар 4-дэх,  5-дах удаагийн шалгалт өгүүлдэг явдлыг хатуу цээрлэдэг байх. Харин давтан шалгалт өгөхтэй нь холбогдуулан, оюутнаас авдаг хураамжийн тарифыг одоогийнхоос тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх.
  13. Элдэв гуйлт, хандиваар оюутан элсүүлдэг явдлыг бүрмөсөн зогсоохын хамт, нэгэнт тодорхой нэг мэргэжлийг сонгоод элссэн хойноо, зарим оюутан суралцах ангиа сольдог практикийг цаашид болиулах. Жишээ нь, өмнөх жилүүдэд Сувилахуйн ангид суралцахаар элссэн нэлээд тооны оюутан Анагаахын ангид суралцах болсноор, бусад оюутнуудын сэтгэл зүйд сувилахуйн бакалаврын мэргэжлийн ач холбогдол, нэр хүнд буурахад хүргэсэн байна.
  14. Нэгдүгээр дамжааны оюутнуудын хүрээнд анги даадаг багш нарын хичээлээс гадуурах ажлын ачаалал нэлээд их байдгийг харгалзан үзэж, зохих урамшуулал олгодог байхын зэрэгцээ, анги танхимын хүрэлцээг сайжруулахад чиглэгдсэн оновчтой зохицуулалт хийдэг байх. Бас 2-р дамжаанаас эхлэн Курс буюу Дамжаа хариуцсан багшийг томилон ажиллуулдаг болох.
  15. Дадлага, курацийн хичээлийн хүртээмж, чанарыг сайжруулахын тулд ялангуяа Анагаахын ба УАУ-ны 4-р дамжаа, НАС-ын 2-р дамжаа, Сувилахуйн 3-р дамжаанаас тус тус эхлэн нэг группээр хичээллэх оюутны тоог 8-12 хүртэл цөөлдөг зарчмыг ягштал баримталдаг болох.
  16. Тус сургуулийн резидентур, магистрантурт суралцагсдад тавих хяналтыг сайжруулах. Ялангуяа резидентүүдээс эмнэлгүүдэд дадлага хийх тойролтын хуваарийг нарийн гаргаж, мөрдүүлэх ба магистрантуудын судалгааны сэдэв, аргачилал батлах, судалгааны ажил хийлгэх талд тавих шаардлагыг өндөржүүлэх. Тэнхим хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, улмаар тэнхим дундын магистрант сургаж, бэлтгэдэг болох.
  17. Энэ хичээлийн жилд шинээр ажилд орсон үндсэн багш бүрийг компьютерээр хангах нэгдсэн арга хэмжээ авах. Түүнчлэн сургуулийн интернетийн сүлжээний ерөнхий хүчин чадлыг нэмэгдүүлэх. Үндсэн ажлынхаа зэрэгцээгээр манай сургуулийн веб сайт, мэдээлэлтэй холбогдсон асуудлыг давхар хариуцаж буй Сургалтын албаны менежерийн ажлыг оновчтой зохицуулах юмуу нэмэлт урамшуулал олгодог болох.
  18. Микробиологи-халдвар судлалын тэнхим ба Эмгэг судлалын тэнхимийн дунд сургалтын зориулалтын ганцхан микроскоп байгаа нь үнэхээр хангалтгүй тул,   сургалтын зориулалттай микроскопын тоог 20 хүртэл нэмэгдүүлэх. Сувилахуйн тэнхимийн сургалтанд зориулж, нэн шаардлагатай муляж-симулянтаар хангах арга хэмжээг тодорхой үе шаттайгаар авч хэрэгжүүлэх.
  19. Ер нь сургалтын зориулалттай техник хэрэгслийн хангамжийг сайжруулж, лекцийн заалуудыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тоноглохоос гадна, юуны түрүүн Дотор-мэдрэлийн өвчин судлалын тэнхим, Мэс заслын  өвчин судлалын тэнхим, Микробиологи-халдвар судлалын тэнхимд тус бүрт нэг нэг LCD-проектор олгож, хариуцуулах.
  20. Гематологи, эндокринологийн хичээлийн кураци, дадлага хийх асуудлаар Улсын   1-р төв эмнэлэгтэй, НАС-ын мэс заслын  хичээлийн дадлага хийх асуудлаар “Халиу толгой” хэмээх хувийн эмнэлэгтэй тус тус хамтарч ажиллах гэрээ шинээр байгуулах. Бас Хавдар судлалын үндэсний төвтэй хамтын гэрээ байгуулж ажиллах.
  21. Түүнчлэн УАУ-ны оюутнуудын эмнэлзүйн хичээлүүдийн дадлага хийх бааз эмнэлгийн асуудлыг шийдэх ба уламжлалт эмчилгээний эм тантай сайтар танилцуулах зорилгоор Эмийн үйлдвэрүүдтэй харилцаа тогтоох. Ер нь сургалтын бааз болох эмнэлгүүдтэй хийх хамтын ажиллагааны гэрээнд тухайн байгууллагын өвөрмөц нөхцөл, онцлог байдлаас үүдэлтэй асуудлыг зохистой шийдэх талаар нэлээд нарийн тусгаж байх.
  22. Ерөнхий эрдмийн тэнхимийн багш нарын одоогийн өрөө агааржуулалтын системгүй учир удаан сууж ажиллахад үнэхээр түвэгтэй байх тул даруйхан тодорхой арга хэмжээ авах. Өрөө тасалгааны өвөрмөц нөхцлийг бүрдүүлсний үндсэн дээр НАС-ын рентген аппаратыг ашиглалтанд оруулах.
  23. Одоогоор хичээлийн зориулалтын ганц ч өрөөгүй байгаа Дотор-мэдрэлийн өвчин судлалын тэнхимийг наад зах нь 2-3 өрөөтэй болгох, Микробиологи-халдвар судлалын тэнхимийн хичээлийн өрөөний тоог 2-3 болгож нэмэгдүүлэх ба багш нарын өрөөтэй болгох, НАС-ын тэнхимийн ариутгалын өрөөнд шинээр таславч хийж, цахилгааны 380 вольтын шугамд холбох г.м.
  24. Манай сургуулийн зарим бааз эмнэлэг дээр өрөө тасалгаа хүрэлцэхгүй байгааг анхаарах. Тухайлбал: УБТЗ-ын НЭ дээр дотрын хичээл явуулах өрөө болон оюутны гадуур хувцас агуулах өрөө, шүүгээ олддоггүй. “Ачтан” эмнэлэг дээр мэс заслын хичээл явуулж буй ганц өрөө нь подвалд байрладаг, маш давчуу бөгөөд агааржуулалтгүй,  мөн оюутны гадуур хувцас агуулах өрөө, шүүгээ байхгүй г.м. нэлээд хүндхэн нөхцөлтэй байна.
  25. Сургуулийн номын санд шинээр Г.Жамба профессорын зохиосон “Микробиологи”, мөн “НАС-ын эмнэлзүйн дадлага”, “Мэс заслын өвчний сурах бичиг”, Б.Жав профессор агсны “Ач аривжих увидас” (нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх барихуйн эмхэтгэгдсэн сурах бичиг) зэрэг ном сурах бичгийг тодорхой тоогоор худалдан авах. Номын сангийн дэргэдэх уншлагын танхимыг тохижуулах.
  26. Оюутнуудын зуны дадлагатай холбогдсон асуудалд зориуд анхаарал хандуулж, тавих хяналтыг тодорхой болгох замаар чанарыг нь сайжруулах. Ялангуяа УАУ-ны оюутнуудыг хээрийн дадлага (эмийн ургамал судлаж, түүх) хийх тусгайлсан баазтай болгох. Түүнчлэн УАУ-ны ахлах ангийн оюутнуудыг группээр нь БНХАУ-д тодорхой хугацаагаар явуулж, дадлага хийлгэх ба төгсөх ангийн оюутнуудаар дипломын ажил хийлгэж, хамгаалуулдаг болох зэрэг асуудлыг нухацтай авч үзэж, шийдвэрлэх.  
  27. НАС-ын үйлдвэрлэлийн дадлагын онцлогийг харгалзан, 80 цаг нь 1 кредиттэй тэнцүү байгаа одоогийн журмыг өөрчилж, 40-50 цагийг 1 кредит болгож, тооцдог болох. Бас НАС-ын төгсөх ангийнхны дадлагын хичээлүүдийн улсын шалгалтын цагийг тус туст нь тооцдог болох.
  28. Сургалтын төлөвлөгөө шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор, хичээлүүдийн босоо, хэвтээ уялдааг сайтар хангахын тулд мэргэжлийн салбар тус бүрээр, дамжаа тус бүрээр хичээл нэгбүрийн ногдол цаг, лекц ба семинар-дадлагын хичээлийн цагийн харьцаа, хөтөлбөр, стандарт зэргийг цаашид хэрхэн мөрдүүлэх тухай асуудлыг зориуд авч үзэж, зохистой болгож, зарим асуудлаар БШУЯамтай сайтар зөвшилцөх.
  29. Тэнхимүүдийн одоогийн бүтэц, зохион байгуулалтын талаархи асуудлыг эргэн харж, давын өмнө Нүдний болон Чих хамар хоолойн өвчин судлалын тэнхимүүдийг Мэс заслын тэнхимээс салгаж, биеийг нь даалган, одоогийн бааз эмнэлгүүд дээр нь тууштай ажиллуулах г.м. зарим өөрчлөлт хийх. Одоогийн нөхцөл бололцоон дээрээ тулгуурлан, юуны түрүүн Сонгинохайрхан дүүргийн хүн амд тодорхой хэдэн мэргэжлийн чиглэлээр үйлчлэх эрх үүрэгтэйгээр “АЧ” АУДС-ийн эмнэлгийг нээж, ажиллуулах. Ирэх жил НАС ба УАУ-ны салбарын барилгуудыг шинээр барьж, ашиглалтанд оруулах. Тэгээд ойрын жилд сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн өндөр нарийн мэргэшлийн тусламжийн  нэгдсэн бааз болохуйц сургуулийн шинэ эмнэлгийг байгуулах.
  30. Эцэст нь онцлон тэмдэглэхэд: манай сургууль эрдмийн хаалгаа нээснээс хойших 15 жилийн хугацаанд зохих ёсоор хэлбэршин төлөвшжээ. Цаашид зах зээлийн харилцааны жамын дагуу өрсөлдөх чадвараа ямагт дээшлүүлж, гагцхүү чанартай бүтээгдэхүүн бэлтгэж гаргахад л бололцоотой бүхнээ зориулах нь чухал гэж бид бүхэн үзэж байна. Иймд давын өмнө сургуулийн багшлах хүчин, сургалт-эрдэм шинжилгээний материаллаг бааз ба эдийн засаг-санхүүгийн чадавхийн одоогийн байдалд тал бүрээр дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ойрын ирээдүйн зорилтуудаа маш тодорхой тогтоомоор байна.

 

Профессорын багийнханаас гүйцэтгэсэн өөр нэгэн ажил бол оюутнуудтай дамжаа, дамжаагаар нь уулзаж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ, оюутнуудаас анхаарвал зохих нийтлэг асуудлын хүрээнд тодорхой сэдэвт лекцүүдийг дамжаа тус бүрийн оюутнуудад уншиж, ярилцлага өрнүүлж байв. Б.Оргил миний хувьд гэхэд, нийт 1-р дамжааны оюутнуудад 2014 оны 9-р сарын 1, 2015 оны 9-р сарын 1-ний өдөр “Хүмүүн ба анагаах ухаан” сэдэвт лекц уншсан болно.