Гадаад хамтын ажиллагаа

“Ач” АУИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа 2001 оноос эхлэн улам өргөжиж эхэлсэн. Анх 2001 онд ОХУ-ын Новосибирск хотын Анагаах ухааны дээд сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, анагаах ухааны эрдэм судлалын чиглэлд хэд хэдэн зорилт тавин амжилттай биелүүллээ. Тухайлбал: 2004 онд манай сургуулийн дэд захирал Б.Батболд тус сургуульд анагаах ухааны боловсролын докторын зэрэг хамгаалж, академич Н.Баасанжав тэргүүтэй 6 багш Новосибирскийн Анагаах ухааны дээд сургуулийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр, технологитой танилцах 14 хоногийн томилолтоор ажилласан.

Японы Токушимагийн Их сургуультай хамтран ажиллах хүрээнд багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулж, нэг багш анагаах ухааны боловсролын доктор хамгаалж, одоо нэг багш доктрантурт суралцаж байна. Япон улсын Ниппон сангийн санхүүжилтаар хэрэгжиж байгаа “Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх” төслөөр 2008-2009 онд хийгдсэн “Томуу, томуу төст өвчнийг уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх” хамтарсан дэд төслийг боловсруулан, Японы талын санхүүгийн дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүргийн 3 өрхийн эмнэлэгт амжилттай хэрэгжүүллээ.

 

2009 оноос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Чифен /Chifeng/ Их сургуультай хамтран ажиллахаар тохиролцон урьдчилсан санамж бичигт гарын үсэг сурлаа. Уг санамж бичигт уламжлалт анагаах ухааны салбарын оюутан солилцооны хөтөлбөр болосруулах, багш нарыг богино хугацаагаар харилцан туршлага судлуулах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эм, эмчилгээний шинэ арга боловсруулах хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болоод байна.

 

2010 оны 1 дүгээр сард тус сургуулийн захирал, академич Н.Баасанжавын албан ёсны урилгаар БНЭУ-ын Дарамсала хотын Далай ламын нэрэмжит Төвд эмнэлэг, Зурхай судлалын институтын захирал, 14 дүгээр Далай ламын эмч, маарамба, профессор Даваа айлчлан ирж, багш, оюутнуудад Төвдийн анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилт, хорт хавдрын эмчилгээнд шинээр нэвтрүүлсэн аргууд, төвд эмнэлгийн сургалтын хөтөлбөр, онцлогийн талаар 2 өдрийн лекц уншив. Мөн цаашид хоёр сургууль уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллахаар тохиролцож улмаар эхний үйл ажиллагаа болох төвд эмнэлгийн сурах бичгээр Ач АУИС-ийг хангах үйл ажиллагаа амжилттай явагдаж байна.

Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамтай хамтран хэрэгжүүлж байгаа Норвегийн Тусламжийн Байгууллагын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төслийн хүрээнд Ач АУИС нь хамтран хэрэгжүүлэгч байгууллага болж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар хамтын үйл ажиллагаа улам өргөжин тэлж байна.

Их Британи улсын Huddersfield-ийн их сургуульд 2013 оны 10 сарын 08-наас 10-ны хооронд 3 хоногийн хугацаагаар тус сургуулийн 8 багшийн бүрэлдэхүүнтэйбаг танилцах ажлын айлчлал хийсэн. Энэ ажлын айлчлалын үр дүнд 2 жилийн хугацаатай экстернат, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, сувилахуйн сургалтын иж бүрэн программыг нэвтрүүлэх, оюутан солилцоо, сувилахуйн салбарт Huddersfield сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болсон.