Эрдэм шинжилгээний ажлын тайлан

“УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТУЛГУУР БҮТЭЭЛҮҮД” ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН ТАЙЛАН

Төслийн удирдагч: Академич Шаравын Болд

Төслийн багийн үндсэн гишүүд:

1. Академич Д.Цэрэнсодном       - ШУА-ийн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан

2. АУ-ны магистр Б.Хүрэлчулуун  - ЭМШУИС-ийн УАС-ийн багш

3. АУ-ны магистр Б.Болор             - “Ач” АУДС-ийн УАУ-ны тэнхмийн багш

4. АУ-ны магистр Б.Цэрэнцоо      - ЭМШУИС-ийн УАС-ийн багш

5. АУ-ны магистр С.Отгонбүрэн    - “Этүгэн” ДС-ийн АУ-ны тэнхмийн багш  

Хамтран оролцогч байгууллага:

1. Монголын анагаах ухааны академи

2. “Ач” АУДС

3. ЭМШУИС-ийн УАС

4. “Этүгэн” ДС

5. УАШУТҮК

Хугацаа: 2013-2014 он

Захиалагч: БШУЯ

Гүйцэтгэгч: Монголын анагаах ухааны академи, “Ач” АУДС

Санхүүжүүлэгч: шинжлэх ухаан, технологийн сан

Төсөлт ажлын үндэслэл:

Манай улсад 2013 оны байдлаар уламжлалт анагаах ухааны мэргэжил эзэмшсэн 1500 шахам эмч,  уламжлалт анагаах ухааны их эмч бэлтгэдэг 5 их, дээд сургуульд 2000 шахам оюутан суралцаж байна. 1993 онд уламжлалт анагаах ухааны анхны 24 их эмч бэлтгэгдэн гарснаас хойш 20 жил болоход үндэсний хэмжээнд үзэх эм судлалын сурах бичиг гараагүй бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-нд монгол бичгээр хэвлэгдсэн номыг голлон ашигласаар өнөөг хүрчээ. Тиймээс бид үндэсний эрдэмтдээ нэгтгэн уламжлалт анагаах ухааны хөгжлийн сүүлийн 10 жилд хийгдсэн эрдэм судлалын ажлын үр дүн, төвөд хэлээр буй эмийн ном судрын агуулгыг хослуулан эм судлал, эм найрлагын шинэ сурах бичиг гарын авлага хэвлэж ашиглах нь нэн тулгамдсан асуудал гэж үзэж байна. Түүнчлэн Монголын уламжлалт анагаах ухааны түүх, үндсэн онол, монголчуудын эрүүл амьдрах ухааны түүхэн баримт, практик арга хэмжээгээр дамжуулан дэлхийн анагаах ухаанд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодруулан гаргасан, англи хэлээр туурвисан бүтээлийг хэвлүүлнэ. Ингэснээрээ дэлхий дахинд Монголын соёлын томоохон өв анагаах урлаг, заслыг сурталчлан таниулах, гадаадын судлаачид, хөрөнгө оруулагчдыг уламжлалт анагаах ухааны салбарт анхаарлаа хандуулах боломжийг бүрдүүлэх болно.

Төслийн зорилго:

Уламжлалт анагаах ухааныэмийн технологийг судалж хүний бие махбодод нийцтэй, орчин үеийн шинжлэх ухааны ололттой хослуулсан эм судлал, эм найрлагын сурах бичгийг бичиж, ховор нандин судар номыг сургалт, судалгааны эргэлтэнд оруулах, Монголын уламжлалт анагаах ухааныг гадаадад сурталчлах, уламжлалт анагаах ухааны мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах үндсийг тавина.  Энэ зорилгын хүрээнд дараах бүтээлүүдийг хэвлүүлнэ.

1. Монголын уламжлалт анагаах ухаанытайлбарт дээж бичиг- ном

2. History and Development of Traditional Mongolian Medicine -ном (англи хэлээр)

3. Монголын уламжлалт анагаах ухааны эм найрлагын судлал - ном

4. Монголын уламжлалт анагаах ухааны эм судлал - ном

Төслийн бүтээгдхүүний шинэлэг тал:

1. Монголын уламжлалт анагаах ухааны эм найрлагын судлал номондЭнэтхэг, Төвөд, Монголын уламжлалт анагаах ухааны тулгуур бүтээл, гол гарын авлага “Алтангэрэл” судар”-ын 24 дүгээр бүлэг, “Язгуурын үндэс” болон Ламын гэгээн, Ишданзанванжил, Ролбийдорж нарын төвөд хэлээр буй анагаах ухааны ховор судрыг монгол, зарим бүтээлийг англи хэлээр орчуулж, монгол бичгээр бичиж хавсаргасны зэрэгцээ, 293 ёгт, илт өгүүлэх нэрэнд тайлбар хийж, Монголын анагаах ухааны товч түүх, сурвалж бичгийн судалгааны тоймыг нэгтгэн гаргав. Үүгээр энэ бүтээлийн шинэлэг тал тодорхойлогдоно.

2. Монголын уламжлалт анагаах ухааны түүхтэй холбоотой эх сурвалж, археологийн олдворуудыг монгол, төвөд, хятад хэлээр бичигдсэн анагаах ухааны эртний бүтээлүүдэд буй баримт, нотолгоотой уялдуулан тусгайлан судалж, уламжлалт анагаах ухааны хөгжлийг тодорхой үеүдэд хуваан, анагаах урлаг, заслын үүсэл, хөгжлийн 5000 жилийн хөгжлийг тодруулан улмаар монгол эмч, маарамба нарын бүтээл дэх онол арга зүйн шинэлэг ойлголт, шинжлэх ухааны ололтууд болон эрүүл амьдрах уламжлалт мэдлэгийг нэгтгэн бичсэнд History and Fundamentals of Traditional Mongolian Medicine бүтээлийн шинэлэг тал  оршино.

3. Монголын уламжлалт анагаах ухааны эм найрлагын судлал бүтээл нь нэг талаас  Монгол Улс болон олон улсын түвшинд уламжлалт анагаах ухааны ургамал, амьтан, эрдэс орсон сонгодог, ховор (нууц) эм найрлагын талаар хийгдсэн эрдэм судлалын ажлын үр дүнг нэгтгэн улмаар төвөд хэлээр уламжлагдаж ирсэн эмийн ном судрын агуулгатай хослуулан туурвигдаж, нөгөө талаас практикаар шалгагдсан мэдлэгийг нотолгоонд суурилан баталгаажуулах боломжийг нээж үүгээрээ сурах бичиг, судалгааны суурь материал болох төдийгүй судлаачдад эрдмийн ажлын загвар болно хэмээн үзэж байна. 

Практик ач холбогдол:

1. Монголын уламжлалт анагаах ухаанытайлбарт дээж бичигбүтээл нь уламжлалт анагаах ухааны сургалтын аргыг орчин үеийн танхимын сургалтын тогтолцоотой уялдуудан, багшийнхаа тусламжтай суралцах бололцоог буй болгох, төвөд номоос багш нь аман орчуулгаар хөтөлж хэлж өгдөг хуучин аргыг монгол үсэг, шинэ үсгийн хөрвүүлгээр утгыг таниулах аргаар гүнзгийрүүлэн ойлгуулах, хослуулан заах боломжийг бүрдүүлж өгөв. Ингэснээрээ суралцагсдын мэдлэгийн хүрээг тэлж, уламжлалт анагаах ухааны онолыг ойлгох чадвар сайжирч, оношилгооны алдаа багасч, эмчилгээний чанар дээшилнэ.      

2. Уламжлалт анагаах ухааны эмийн эмчилгээний аргын шинжлэх ухааны үндсийг нотолгоожуулж, сургалт, судалгаа, практикт ашигласнаар эрдэм судлалын ажлын болон эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж дээшлэн, хүн амын эрүүл мэнд сайжирч, амьдралын чанарт ахиц гарахад хувь нэмрээ оруулна.

3. History and Fundamentals of Traditional Mongolian Medicine номыг англи хэлээр хэвлүүлснээр монголчуудын бүтээн бий болгосон анагаах ухаан, эрүүл амьдрах ухааныг сурталчилах, гадаадынхан “Монгол” гэсэн тодотголтой анагаах ухаан, эрүүл амьдрах урлаг, аргыг сонирхон судлах боломжийг нээн улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх брэнд-сор бүтээгдхүүн, бүтээл бий болгох үндэс тавигдана. 

ТӨСЛИЙН ҮР ДҮН

Шинжлэх ухаан,технологийн сангийн санхүүжилтаар хэрэгжүүлж буй  “Уламжлалт эмийн түүхий эд болон жорын мэдээллийн сан бүрдүүлэх судалгаа” дэд төслийн үр дүнг “Уламжлалт анагаах ухааны тулгуур бүтээлүүд” энэхүү инновацийн төслөөр хэвлэв.