Багш, ажилтны ёс зүй

 “АЧ” АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛТНЫ

ЁС ЗҮЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Монгол улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын  2006 оны 12 дугаар сарын 29-ны  өдрийн 482 тоот тушаал, Эрүүл Мэндийн сайдын 135 тоот тушаал, Ач Анагаах Ухааны Их Сургуулийн захирлын 2014 оны 04-р сарын 23 өдрийн 028 тоот тушаал, хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлж мөрдөнө.
  2. Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалтын стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, сургалт судалгаа, эмнэлэг үйлчилгээний ажлын стандартыг хангахад туслах, багшийн нэр төрийг хамгаалахад оршино.
  3. Багш, ажилтны эрх, ажиллах баталгаа нь багшийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багш, ажилтны  ажлын  хариуцлагын эх сурвалж болно.
  4. Ёс зүйн хэм хэмжээ нь Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын хууль, Эрүүл Мэндийн тухай хууль,  Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомж, сургуулийн дотоод журам, холбогдох эрх зүйн актаар тодорхойлогдоно.

 

Хоёр. Дүрмийн нэр томьёо

 2.1.     Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1.  "Багш, ажилтны ёсзүй" гэж багш, ажилтны үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

2.1.2.  "Багш, ажилтны ёс зүйн хэм хэмжээ" гэж багш, ажилтны ажилдаа үнэнч байж, багш, ажилтны ажлын нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх   талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.

2.1.3.  "Багш, ажилтны ёсзүйн зөрчил" гэж энэ дүрмээр тогтоосон багшийн ёсзүйн   хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

2.1.4.  “Сургалтын эрх чөлөө" гэж мэдлэг бүтээх, эзэмших, үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагүй, багш хичээлээ бүтээлч шинэлэг арга технологоор зохион байгуулах, суралцагч сонирхол хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцөлийг хангах боломж бүрдүүлэхийг хэлнэ.

 

Гурав. Багшийн эрх:

  1. “АЧ” АУИС-ийн багш нь дараах эрхтэй.
    1. Хөдөлмөрийн аюулгүй, аятай нөхцлөөр хангуулах
    2. Боловсролын стандарт, тус сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх, бичиж боловсруулах, хэвлүүлэх
    3. Сургалтанд шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргыг сонгон хэрэглэх
    4. Сургалт, судалгаа шинжилгээ, эмчилгээ, үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, түүний үр дүнгийн талаар санал солилцох
    5. Судалгааны ажлын үр дүнгээ эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх болон мэргэжлийн ном, сэтгүүлд хэвлэн нийтлүүлэх
    6. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол, санал хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх

 

Дөрөв. Багш, ажилтны ёс зүй, мэргэжлийн үүрэг, хариуцлага

 

А. Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ

4.1      Багш оюутнаа бүтээлчээр, бие даан суралцах, чадвар эзэмшүүлэхэд анхаарч, оюутан сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ.

4.2      Багш хичээлээ мэргэжлийн дээд түвшинд заана. Багш, оюутнаа хувь хүн, үйлчлүүлэгчийн хувьд хүндэтгэл үзүүлэн, тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэгч удирдагч, зөвлөгч нь байна.

4.3      “АЧ” АУИС-ийн Сургалтын бодлого, үйл ажиллагааг зохицуулах дүрэм, журмыг зөрчихгүй байна.

4.4      Багш, оюутны мэдлэг, чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлнэ.

4.5      Багш, оюутан, үйлчлүүлэгчдийн хоорондын харилцаанд итгэл, хүндэтгэлийг

            эрхэмлэнэ.

4.6      Суралцагчийг дур зоргоороо хичээлд оруулахгүй байх, хичээл, шалгалт болон          ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчихгүй байх

4.7      Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй

            шалгуураар дүгнэх ёсгүй.

4.8      Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу

            тодорхойгүй хугацаагаар дур мэдэн хойшлуулахгүй байх

4.9      “АЧ” АУИС-ийн багш нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс  үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж ажиллана. 

 4.10. Оюутан, үйлчлүүлэгчийг  үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнтэй тэгш бус хандахгүй.

4.11.   Албан тушаал, эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсвэл хувийн шалтгаанаар оюутан, үйлчлүүлэгчийн санал бодол, итгэл үнэмшил, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэргээр зүй бус авирлах ёсгүй.         

 4.12.  Өөрийн болон бусдын бичсэн ном зохиол, бичмэл материалыг суралцагчдад тулган зарж, борлуулах ёсгүй.

 

Б. Багшийн мэдлэг боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ

           

4.13    Багш мэдлэг, боловсролоо тасралтгүй дээшлүүлж, өөрт оногдох хариуцлагаа ухамсарлан ажиллана.

4.14    Багшийн заах хичээлтэй холбоотой үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын эрхшээлд авталгүй байж, түүнийг батлах явдал мөн.Үүний тулд багш нар мэдлэг боловсрол,заах арга, судалгаа хийх чадвараа хөгжүүлэн сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчилна.

4.15    Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих             шаардлагыг биелүүлнэ.

 

В. Багшийн сургалтын үйл ажиллагааны ёс зүйн хэм хэмжээ

 

4.16    “АЧ” АУИС-ийн багш бүтээлч байж, ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд             санаачлагатай, шударгаар биелүүлнэ.

4.17    Багш сургуулийнхаа дүрэм, дотоод журмыг баримтална.

4.18    Багш ажил, үйлчилгээгээ түр буюу бүрмөсөн зогсоох тохиолдолд сургалтын 

хөтөлбөрийн хэрэгжилтэнд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж, холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгдэнэ

 

Г. Багш хамтран ажиллагсадтайгаа харилцахад тавих ёс зүйн хэм хэмжээ

 

4.19    Хамтран ажиллагсадтайгаа хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг сургуулийн дотоод   дүрэм журмын хүрээнд шийдвэрлэнэ.

4.20    Хамт ажиллаж байгаа хүмүүсийн судалгаа шинжилгээ хийх, эмчилгээ үйлчилгээ  явуулах эрх чөлөөг хүндэтгэнэ.

4.21    Шүүмжлэл, санал бодлоо солилцохдоо бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандана.

4.22    Багш сургалтын үүргээ ухамсарлан хамтран ажиллагсдынхаа талаар мэргэжлийн   дүгнэлт өгөхдөө бодитой хандана.

4.23    Багш оногдсон эрх үүргийнхээ дагуу сургалтын үйл ажиллагаанд санаачлагатай оролцоно.

4.24    Багш нарыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ,шашин шүтлэг, үзэл бодол, эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлаж гадуурхан, тэдэнд тэгш бус хандах ёсгүй.

 

Д. Эмнэл зүйн сургалтын онцлог, холбогдох харилцаанд тавих ёс зүйн хэм хэмжээ

 

4.25.   Эмнэл зүйн сургалтанд багш үйлчлүүлэгчийг оролцуулахдаа түүний зөвшөөрлийг бичгээр эсвэл амаар авсан байх шаардлагатай ба хэрэв үйлчлүүлэгч насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй бол түүний хууль ёсны төлөөлөгчөөс (эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) авна.

4.26.   Сургалтанд оролцсон үйлчлүүлэгчийн нууцыг “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн дагуу чандлан хадгалах ба багш оюутнуудад энэ тухай мэдээлсэн байна. Мөн эмнэлгийн гардан ажиллагаанд эмчлэгч эмчийн зөвшөөрөлтэйгээр сургалт явуулах ба уг гардан ажиллагаатай холбоотой нууцлалыг хадгална.

4.27.   Эмнэл зүйн сургалтанд багш, оюутан, үйлчлүүлэгчийн харилцаа нь тэдний харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурлах бөгөөд энэхүү харилцаанд аливаа хэлбэрийн дарамт хүчирхийлэл байх ёсгүй.

4.28.   Эмч багш нар /Эрүүл мэндийн сайдын 135 тоот тушаалаар баталсан/ “Эмнэлгийн             мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-г дагаж мөрдөх ба гарсан зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

 

Тав. Сахилгын шийтгэл, түүнийг шийдвэрлэх

 

5.1.      Багш, ажилтны ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, асуудлыг шийдвэрлэхийг ёс зүйн хороо нь /Цаашид ёс зүйн зөвлөл гэх/ хариуцна.

5.2       Ёс Зүйн Хороо нь багш, ажилтны ёс зүйн зөрчлийн талаархи гомдол, өргөдөл, мэдээллийг албан ёсоор хүлээн авч, асуудлыг тодруулж, хурлаар хэлэлцнэ.

  1. Хэрэв багш, ажилтны  ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд түүнд сахилгын шийтгэл ноогдуулах асуудлыг ёс зүйн зөвлөл судлан, тодорхой санал боловсруулж, Захирлын зөвлөлд танилцуулах бөгөөд эцсийн дүнд уг асуудлыг сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

Зургаа. Бусад

6.1       Ёс зүйн хороог “АЧ” АУИС-ийн захирлын тушаалаар баталж томилно.

6.2       Ёс зүйн хорооны гишүүдийн тоо 13 байх ба бүрэн эрхийн хугацаа нь 2 жил байна.

6.3       Ёс зүйн хороо нь багш, ажилтны  ёс зүйн зөрчлийн талаар гомдол, өргөдөл, мэдээллийг             хүлээн авна.

6.4       "Багшийн ёсзүйн журам", "Багшийн ёсзүйн хорооны ажиллах дүрэм"-ыг Захирлын зөвлөлөөр хэлэлцэн батлана.